Будаатай хуурга

Орц:

  1. Агшаасан хар, цагаан будаа 350г

  2. Сонгино 20г

  3. Дэвтээсэн шар буурцгийн уураг 30г

  4. Лууван 50г

  5. Дүпү 50г

  6. Бууцай 20г

  7. Ургамлын тос 1 хоолны халбага

  8. Гүнждийн тос 1 хоолны халбага

  9. Давс ¼ цайны халбага

  10. Шар буурцгийн цуу 1 хоолны халбага

  11. Нунтаг шар гаа ½ цайны халбага

  12. Кимчи перец 1 чимх

Гарц:

1 порц

Хийх арга:

  1. Хар, цагаан будааг сайтар угааж усаар зайлаад 10 минут хүйтэн усанд дэвтээж агшаана.

  2. Хатаасан шар буурцгийн уургийг 20-30 минут бүлээн усанд хийж дэвтээгээд 2-3 удаа цэвэр усаар зайлж базаж авна. Дэвтээж базсан шар буурцгийн уургийг жижиг хэрчинэ.

  3. Сонгино, лууван, бууцайг цэвэрлэж угаана. Сонгиноо жижиг хэрчинэ. Луувангаа үрэгчээр үрнэ. Бууцайг нарийн хэрчинэ.

  4. Дүпүг хүйтэн усаар зайлж хэрчсэн ногооноосоо арай том дөрвөлжин хэрчинэ.

  5. Гал дээр тогоонд ургамлын тосоо хийж халаагаад хэрчсэн сонгиноо хийж хуурна.

  6. Дээр нь шар буурцгийн уураг, лууван, дүпүгээ нэмж зөөлөн галаар хууралтыг үргэлжлүүлж шар гаа, кимчи перец, давс, шар буурцгийн цуугаар амталж бууцайг нэмнэ.

  7. Хуурсан ногоон дээрээ агшаасан будаа, гүнждийн тос нэмж холиод хутгана.

  • Хар, бор, шар, гурвалжин, хөц гэх мэт олон төрлийн будааг өдөр тутамдаа хэрэглэж занших нь зайлшгүй хэрэгцээ билээ. Болц удаантай хар будаа, бор будаа, хөц будаануудыг угаасны дараа 5-10 минут усанд дэвтээж агшаахад тохиромжтой байдаг.

  • Хар будаа нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, чихрийн шижин, цус багадалттай хүмүүс хэрэглэхэд ач тустай.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай